Сүүлийн өдрүүдэд суурьшлын бүс рүү бамбай хоншоорт гэх хортой могой орж ирэх нь олширч, иргэдэд аюул учруулж болзошгүй тул Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-өөс анхааруулга гаргалаа.
ГССҮТ-ийн Түлэнхийн төвийн эрхлэгч Ц.Нарантунгалагийн мэдээлснээр, 2024 он гарсаар бамбай хоншоорт могойд хазуулсан найман хүн тус төвд хэвтэн эмчлүүлснээс зургаа нь хүүхэд байсан байна. Мөн хэд хэдэн хүн хүлээн авах тасгаар эмнэлгийн анхан шатны тусламж авчээ.
Иргэдэд өгөх зөвлөмж:
Урьдчилан сэргийлэхийн тулд:
-
Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
-
Хүүхдийн тоглоом, тэргэнцэр зэрэг зүйлсийг гадаа гаргахын өмнө шалгах
-
Могойтой таарвал дуу чимээ гаргахгүй, огцом хөдөлгөөн хийхгүй байх
-
Ой, бут, хад асгатай газар явахдаа урт түрийтэй гутал, өмд, савхин бээлий өмсөх
Хазуулсан тохиолдолд:
-
Тайван байж, хөдөлгөөнөө хязгаарлах
-
Шархыг доош унжуулж, хөдөлгөхгүй байлгах
-
Шарх руу мөс, хүйтэн даавуу тавьж хөргөх
-
Хэзээ ч шархыг сорох, зүсэхгүй байх
-
Яаралтай эмнэлгийн байгууллагад (103) хандах
Яаралтай холбоо барих утаснууд:
-
Нийслэлийн Шуурхай удирдлагын төв: 11-310005
-
Нийслэлийн Байгаль орчны газар: 72720303
Могой харсан тохиолдолд эдгээр дугаар руу яаралтай мэдэгдэж, мэргэжлийн хүмүүс иртэл могойн байршлыг анхааралтай ажиглах хэрэгтэй.
Бамбай хоншоорт могойн таних шинж:
-
Урт нь ойролцоогоор 70 см
-
Хул эсвэл хар хүрэн өнгөтэй, нуруу ба сүүлээрээ хөндлөн цагаан судалтай
-
Биеийн хажуугаар цайвар бараан толботой
-
Хүүхэн хараа нь босоо
-
Нүд ба хамрын хооронд гүн хонхорхойтой — энэ нь хамрын сүвтэй мэт харагддаг ба бусад могойноос ялгарах гол шинж юм.