Алдарт жүжигчин, дуучин Уилл Смитийн хүү Жэйден Смит нийгмийн тулгамдсан асуудал болох орон гэргүй иргэдийн өлсгөлөн, хүнсний хүртээмжийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор “I Love You” (Би чамд хайртай) нэртэй нийгмийн сайн үйлсийн рестораныг санаачлан, ажиллуулж эхэлсэн билээ.
2019 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Жэйден Смит 21 насны төрсөн өдрөөрөө Лос Анжелес хотын орон гэргүй иргэд олноор оршин суудаг Skid Row хэмээх дүүрэгт веган хоол түгээх “food truck” буюу явуулын хоолны машинаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Үнэгүй, шим тэжээлтэй, эрүүл веган хоол түгээж эхэлсэн энэхүү санаачилга тухайн үед олон нийтийн талархал хүлээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч шуугиж байв
Өнөөдөр “I Love You” бол зөвхөн явуулын машин бус, байнгын үйл ажиллагаатай ресторан болон өргөжжээ. Энэхүү ресторан нь орлогогүй, орон гэргүй хүмүүст үнэгүй үйлчилдэг бөгөөд төлбөртэй үйлчлүүлж буй зочид өөрийн хоолны төлбөрөөс илүүг төлснөөр дараагийн нэг хүний хоолыг санхүүжүүлдэг загварыг нэвтрүүлсэн байна.
“Орлоготой хүмүүс илүү төлнө, орлогогүй хүмүүс мөнгө төлөхгүй. Бүгд л адилхан хайр хүртэх эрхтэй.” – Жэйден Смит
Эрүүл мэнд ба хүрээлэн буй орчинд ээлтэй меню
“I Love You” рестораны онцлог нь ургамлын гаралтай, эрүүл, экологид хоргүй хүнс бэлтгэдэгт оршино. Хоол хүнс нь амттай төдийгүй шим тэжээлээр баялаг бөгөөд бие махбод, сэтгэл санааг тэтгэх зорилготой. Мөн орон нутгийн фермер, үйлдвэрлэгчдээс бүтээгдэхүүнээ авдаг тул нутгийн эдийн засгийг дэмждэг.
Нийгмийн сайн сайхны төлөө хийж буй бодит ажил
Жэйден Смитийн энэхүү ресторан нь ганц нэгэн өдөр хоол тараах бус, тогтвортой, системтэй нийгмийн дэмжлэгийн хэлбэр болж чаджээ. Тэрбээр энэхүү санаачилгаараа дамжуулан дараах үнэт зүйлсийг түгээж байна:
-
Орон гэргүй хүмүүст хүн шиг хандах, үнэ цэнийг нь сэргээх
-
Нийгэмд эрүүл хүнсний хүртээмжийг бий болгох
-
Тусалж чадах нэгний төлсөн өглөгийг нөгөө нэгэн хүртэх
-
Хайр энэрлээр нийгмийн ялгааг арилгах