Нийгэмд хүлээлт үүсгээд буй Хэрбиний гэрээний сонсгол

Монгол улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний буюу 34-36 их наяд төгрөгийн алдагдал зүгээр нэг "албан бичиг" төдийхнөөр ил болж байгаа нь өнөөгийн нийгэмд томоохон шуугиан тариад байна. 

"Оюу Толгой шиг нээлттэй сонсгол яагаад хийж болохгүй гэж?"

Д.Ганбат гишүүн "Оюу толгойн сонсголыг хийж болсон юм чинь Харбиний сонсголыг яагаад хийж болохгүй байгаа юм бэ?" хэмээх асуултыг хурцаар тавьж байна. Хэрэв тухайн үед нь сонсголуудыг хийж, асуудлыг нээлттэй хэлэлцэж чадсан бол Монголын ард түмэнд учрах хохирол багасаж, авлига болон луйврын асуудлууд ийм хэмжээнд хүрэхгүй байх боломжтой байсныг тэрээр онцоллоо.

Өнөөдөр ард иргэдийн амьдрал туйлын хүнд, өдөр бүр бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгааг гишүүн сануулав. Гэтэл нөгөө талд "70 тэрбум төгрөг" зарцуулагдсан гэх улс төрийн намын дотоод сунгааны асуудлууд болон хууль хяналтын байгууллагуудаар шалгагдаж буй авлигачдын хэрэг ар араасаа хөвөрсөөр байна.

Авлига, луйврын асуудлаас үүдэн Монгол улсын олон улс дахь нэр хүнд унаж байгааг Д.Ганбат гишүүн шүүмжилсэн юм.

БНХАУ-тай тогтоосон харилцаа: БНХАУ-ын тал визгүй зорчих санал тавьж байхад манай тал "авлигачид" болон "луйварчид"-ынхаа ашиг сонирхлын үүднээс буруу ташаа мэдээлэл түгээж, хоёр орны харилцаанд сэв суулгаж байгааг тэрээр дурдлаа.

Олон улсын хориг саад: Авлигатай тэмцэж чадахгүй байгаагийн улмаас Инчоны нисэх буудал дээрх иргэдийн хүндрэл, АНУ-ын "визний бонд" болон Шенгений орнуудын визний шалгуур чангарч байгаа нь ардчилал ухарч буйн илрэл гэж үзэж байна.

Нийгэмд хүлээлт үүсгээд буй Хэрбиний гэрээний сонсгол дээр хэн ямар байр суурь илэрхийлэх, ард түмний мэдэх эрх хэрхэн хангагдахыг харах л үлдлээ. Авлигатай хийх тэмцэл зөвхөн уриа лоозон төдий бус, бодит ажил хэрэг болж байж л улс орон хөгжих боломж бүрдэх юм.