Ардчилсан намын дотоод ардчилал, эв нэгдлийн асуудал хурцаар яригдаж буй энэ үед УИХ-ын гишүүн асан С.Баярцогт намынхаа хурлын индэр дээрээс экс ерөнхийлөгч Х.Баттулга руу чиглэсэн нэлээдгүй хатуу мэдэгдлүүдийг хийлээ. Тэрээр өөрийнх нь эсрэг явуулсан олон жилийн "хар пиар"-ын ард хэн байсныг нэр цохон зарлав.
С.Баярцогт хэлэхдээ, түүнийг улс төрийн тавцангаас шахах, нэр хүндийг нь унагах ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон түүний гар хөл болсон хүмүүс 10 гаруй жилийн турш хийсэн гэв.
"Миний PR-ыг бол хуучин ерөнхийлөгч байсан Женко Баттулга, түүний гар хөл болж байгаа хүмүүс хийдэг юм аа. Үүнийг 10 гаруй жил амжилттай хийсний үр дүнд шууд ял авах хүртэл хэмжээнд хүргэсэн" хэмээн тэрээр мэдэгдсэн юм.
"Нэг фракцын ноёрхлыг зогсоох цаг болсон"
Тэрээр зөвхөн хувийн асуудлаа яриад зогсохгүй, АН-ын өнөөгийн удирдлагын тогтолцоог шүүмжлэв. С.Баярцогтын үзэж байгаагаар, нам ялалт байгуулахын тулд нэг фракц бүх эрх мэдлийг гартаа авах бус, бусад фракцуудын оролцоог хангаж, эв нэгдэлтэй байх ёстой аж.
Фракцуудын тэнцвэр: Одоогийн байдлаар намын дарга, бүлгийн дарга, хотын дарга гээд бүх гол албан тушаалуудыг нэг л фракц хяналтандаа байлгаж байгааг тэрээр шүүмжилсэн.
Түүхэн жишээ: 2007 онд өөрөө намын даргад нэр дэвшихдээ бусад фракцуудаа дэмжиж, хамтарч ажиллах замаар ялалтад хүрч байсан туршлагаа хуваалцав.
Японы жишээ: Японы Ерөнхий сайд асан Ясүхиро Накасонэгийн "Бусад фракцуудынхаа оролцоог бүрэн хангаж байж засаглал тогтвортой байдаг" гэсэн зарчмыг иш татан, АН-ыг эрүүл саруул болохыг уриаллаа.
Төгсгөлд нь С.Баярцогт Ардчилсан намд "эрүүл саруул" залуучууд орж ирж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, хуучин арга барилаар улс төр хийдэг үе дууссаныг анхааруулав.
"Одоо эрүүл саруул залуучууд орж ирлээ. Чиний үгээр явахгүй ээ. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг цаг ирсэн" хэмээн Х.Баттулгад хандан хэлсэн нь хурлын төлөөлөгчдийн дунд ихээхэн дэмжлэг авч, алга ташилтаар тасарлаа.





