• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Эмэгтэйчүүдийн манлайлал, сэтгэл зүйн дэмжлэг хосолсон уулзалт болов

Эмэгтэйчүүдийн манлайлал, сэтгэл зүйн дэмжлэг хосолсон уулзалт болов

Эрдэнэтийн “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын Эмэгтэйчүүдийн зөвлөл 2026 оны анхны уулзалтаа өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулж, өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн, энэ жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.

Тус цогцолбор 150 орчим эмэгтэй ажилтантай бөгөөд цаашид хэсэг бүрд эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан төлөөлөлтэй болох, мөн сэтгэл зүйчтэй хамтран ажиллах зорилт тавьж байгааг Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, “Энэрэл” төвийн эрхлэгч М.Майцэцэг уулзалтын үеэр онцолсон юм.

Уулзалтад оролцогчид Эрдэнэт үйлдвэрийн цахим музейтэй танилцсаны дараа “Энэрэл” төвийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйн магистр Т.Мөнхцэцэгийн удирдсан сэтгэл зүйн сургалтад хамрагдлаа. “Миний танил эмэгтэй”, “Дотносох ба зожгирохын зөрчил”, “Миний дотоод охин”, “Бидний зорилго юу вэ?” зэрэг сэдвийн хүрээнд дадлага ажил хосолсон халуун дотно яриа өрнөсөн нь оролцогчдод өөрийгөө танин мэдэх, харилцаагаа ойлгох боломжийг нээсэн юм. Мөн харилцааны анхны доктор Н.Алтанцоож “Эх хүний үүрэг, манлайлал”, “Амьдралын үнэ цэн” сэдвээр лекц уншиж, эмэгтэйчүүдэд хэрэгтэй зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Энэ үеэр хамтран ажиллагч гоо сайхны байгууллага арьс оношилгоо хийж, нүүрний маск бэлэглэсэн бол уулзалт зохион байгуулагчид оройн хөнгөн зоогт оролцогчдыг урьж, чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.