"Зүсээ хувиргасан ногоон Daewoo": 134.5 тэрбумын хохирол

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс  “Ногоон автобусны” гэх тодотголтой хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, 2024 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр нийт 55 хавтас хэргийн материалыг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн. Уг хэрэг одоогоор Улсын дээд шүүхэд хянагдаж байна.

Хэргийн оролцогчид ба хохирол барагдуулалт

Уг хэрэгт нийт 27 этгээдийг яллагдагчаар татсан бөгөөд үүнд:

  • УИХ-ын гишүүн – 1

  • Нийтийн албан тушаалтан – 18

  • Гадаад улсын иргэн – 4

  • Хувийн аж ахуйн нэгжийн албан тушаалтан – 4 байна.

Хохирлын тухайд: Гэмт хэргийн улмаас нийт 134.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Үүнээс:

  • Мөрдөн шалгах ажиллагааны явцад 58.0 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн.

  • 71.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 59 ширхэг үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн.

  • Хэрэг шүүхэд хянан хэлэлцэгдэх явцад иргэний хариуцагч “Тэнүүн огоо” ХХК нь битүүмжилсэн хөрөнгөөр хохирлыг бүрэн төлж барагдуулжээ.

Гэрээ зөрчсөн техникийн ноцтой зөрчлүүд

“Тэнүүн огоо” ХХК нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээний дагуу “Евро-5” хөдөлгүүртэй автобус нийлүүлэх үүрэг хүлээсэн боловч бодит байдал дээр “Евро-2” хөдөлгүүртэй “Daewoo BS106” загварын автобус нийлүүлсэн болохыг тогтоожээ. Мөн автобуснууд нь техникийн дараах үзүүлэлтүүдийг хангаагүй байна. Үүнд:

  1. Тэнхлэг ба нум: Хийн нум тохируулагчтай байхаар захиалсан боловч хавтсан нумтай нийлүүлсэн.

  2. Дулаацуулгын систем: Зорчигчийн зааланд 6-аас доошгүй халаагуур байх ёстой атал 4-хөн халаагууртай, нэмэлт пийшингүй байв.

  3. Цонх, шиллэгээ: Автобусны хажуу шил нь вакум, аюулгүй, бууралттай байх шаардлагыг хангаагүй. Зорчигчийн заалны шил дан, бууруулагчгүй байсан.

  4. Тусгаарлалт ба битүүмжлэл: Хана, тааз, шалыг халуун хүйтэн тусгаарлах, галд тэсвэртэй материалаар тоноглох шаардлага огт хангагдаагүй.

  5. Байгаль орчинд үзүүлэх нөлөө: Хортой хийг бууруулах “Ad blue” төхөөрөмжийн зөвхөн банкийг нь суурилуулсан, ямар нэг холболтгүй байсан тул ажиллах боломжгүй байв. Уг төхөөрөмж нь “Евро-2” хөдөлгүүрт ажиллах техникийн боломжгүйг нотолжээ.

Шинжээчийн дүгнэлтээр эдгээр автобуснуудыг олон төрлийн эд анги ашиглаж, үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийсэн болохыг эцэслэн тогтоосон байна.