• Нүүр
  • Мэдээний өрөө
  • БНСУ: Сургуулийн орчинд бусдыг дээрэлхэж байсан түүхтэй 45 сурагчийг шилдэг их сургуулиудаас хасжээ

БНСУ: Сургуулийн орчинд бусдыг дээрэлхэж байсан түүхтэй 45 сурагчийг шилдэг их сургуулиудаас хасжээ

Өмнөд Солонгосын боловсролын салбарт түүхэн өөрчлөлт гарч, сургуулийн дээрэлхэл, хүчирхийлэл үйлдсэн сурагчдад хариуцлага тооцох тогтолцоо эрс чангарлаа. Улсын тэргүүлэх их сургуулиуд сурлагын өндөр амжилттай байсан ч сургуулийн орчинд бусдыг дээрэлхэж байсан түүхтэй 45 сурагчийг элсэлтийн шатнаас хассан байна.

Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблейн гишүүн Ким Мүн Сүгийн танилцуулсан тайланд дурдсанаар, 2025 оны элсэлтийн үйл явцад улсын хэмжээний тэргүүлэх 10 их сургуулийн 6 нь "сургуулийн хүчирхийллийн бүртгэл"-ийг үндэслэн хатуу арга хэмжээ авчээ.

Энэ нь тус улсын их сургуулиуд зөвхөн элсэлтийн ерөнхий шалгалтын (CSAT) оноогоор сурагчдыг үнэлдэг байсан хуучин хандлагаа халж, сурагчийн ёс зүй, зан төлөвийг элсэлтийн гол шалгууруудын нэгд оруулж байгаагийн тод илрэл юм.

Сургуулиудын авсан арга хэмжээ

  • Кёнбүкийн Үндэсний Их сургууль: Хүчирхийллийн бүртгэлтэй 22 элсэгчийг шууд хассан байна.

  • Сөүлийн Үндэсний Их сургууль (SNU): Ёс зүйн зөрчилтэй элсэгчдийн оноог эрс хасаж, улмаар 1 элсэгчийг бүр мөсөн хасжээ.

  • Бусад сургуулиуд: Пусан, Чүннам, Чүнбүк, Жонбүкийн их сургуулиуд мөн энэ жишгээр хүчирхийллийг "үл тэвчих" бодлого баримталж байна.

БНСУ-ын Боловсролын яамнаас баталсан шинэ журамд тусгаснаар, 2026 оноос эхлэн бүх их сургуулиуд элсэгчдийн хувийн хэргийг заавал шалгах үүрэгтэй болж байна. Ингэснээр хүчирхийллийн бүртгэл нь ахлах сургууль төгссөнөөс хойш 4 жилийн турш хадгалагдах бөгөөд энэ нь их сургуульд орохоос гадна төгсөгчийн цаашдын ажлын байрны сонголтод ч сөргөөр нөлөөлөх юм.

 Энэхүү хатуу бодлого нь сургуулийн орчинд үйлдэгдэх хүчирхийллийг бууруулах, хүүхэд багачуудад хариуцлагатай иргэн байх сургамжийг өгч байгаа чухал алхам болж байна.