• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Gen Z үеийнхний 77% нь ажлын ярилцлагадаа эцэг эхтэйгээ ирдэг гэсэн судалгаа гарчээ

Gen Z үеийнхний 77% нь ажлын ярилцлагадаа эцэг эхтэйгээ ирдэг гэсэн судалгаа гарчээ

АНУ-д Generation Z буюу 1997–2012 онд төрөгсөд ажилд орох, карьер сонгохдоо эцэг эхийнхээ оролцоонд үлэмж их найдаж байгаа тухай хэд хэдэн судалгаа гарчээ.

Судалгааны сонирхолтой тоо баримт

2025 оны 7-р сард хийгдсэн нэгэн судалгаанд оролцогсдын:

  • 77 хувь нь ажилд орох ярилцлагадаа эцэг эхээ авч ирсэн,

  • 53 хувь нь хүний нөөцийн ажилтантай нь эцэг эх нь өөрсдөө ярьсан,

  • 73 хувь нь ажлын даалгавар гүйцэтгэхдээ эцэг эхээсээ тусламж авсан,

  • 45 хувь нь менежертэйгээ хүртэл эцэг эхийгээ тогтмол холбоо бариулдаг болохоо дурджээ.

Эдгээр нь зөвхөн ганц тохиолдол бус, харин цөөнгүй залуусын дунд түгээмэл үзэгдэл болж байгааг харуулж байна.

Өмнөх судалгаанууд

2024 онд хийгдсэн өөр нэг судалгаагаар:

  • 26 хувь нь ажлын ярилцлагад эцэг эхээ авч орсон,

  • 70 хувь нь ажил хайх явцдаа эцэг эхийн туслалцааг авсан,

  • 10 хувь нь бүр эцэг эхээрээ CV-ээ бичүүлсэн байна.

 

Мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар хэд хэдэн хүчин зүйл нөлөөлжээ:

  1. Цар тахлын үеийн завсарлага – Ихэнх нь сургуулийнхаа сүүлийн жилүүдийг зайнаас суралцан өнгөрөөсөн тул ажил олгогчтой нүүр тулж харилцах, мэргэжлийн орчинд дасах боломж хомс байв.

  2. Аюулгүй байдлын хэрэгцээ – Эцэг эхийн зөвлөгөө, оролцоо нь тэдэнд итгэл төрүүлж, хамгаалагдсан мэдрэмж өгдөг.

  3. Карьерын мэдээлэл хомс – Сургууль, нийгмийн зүгээс мэргэжлийн чиг баримжаа өгөх ажил хангалтгүй байгаа нь эцэг эхийн үүргийг улам нэмэгдүүлж байна.

Шүүмжлэл ба эрсдэл

Карьерын зөвлөхүүдийн үзэж буйгаар:

  • Эцэг эхийн хэт оролцоо нь ажил олгогчийн нүдэнд тухайн ажил горилогчийг бие даах чадваргүй, өөрийн үүрэг хариуцлагаа хүлээж чадахгүй мэт харагдуулах эрсдэлтэй.

  • Залуусын хувьд ажиллах уян хатан байдал, харилцааны чадвар, бие даасан шийдвэр гаргах дадал сул хэвээр үлдэж болзошгүй.

Reddit зэрэг олон нийтийн сүлжээнд  судалгааны дүнг эргэлзээтэй гэж үзэж буй хэрэглэгчид олон байна. “77 хувь үнэхээр ярилцлагадаа эцэг эхтэйгээ ирдэг гэж үү?” гэх мэтээр шүүмжилж буй нь судалгааны үнэн зөвт ч эргэлзэхэд хүргэжээ.

Юу хийх нь зөв вэ?

Мэргэжилтнүүд эцэг эхчүүдийг:

  • Хүүхдэдээ зөвлөгөө өгөх,

  • CV-г нь уншиж шалгаж өгөх,

  • Туршилтын ярилцлага хийж бэлтгэх

зэрэг дэмжих хэлбэрээр оролцохыг зөвлөж байна. Харин ярилцлагад дагалдах, менежертэй нь шууд ярилцах зэрэг нь хүүхдийн  нэр хүндэд сөрөг нөлөөтэй гэж үздэг.