• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Б.Солонгоо: 2024 онд ЗГ-ын хуралдааны шийдвэрийн дагуу гэрээ байгуулсан нь миний дур мэдэж гаргасан шийдвэр биш

Б.Солонгоо: 2024 онд ЗГ-ын хуралдааны шийдвэрийн дагуу гэрээ байгуулсан нь миний дур мэдэж гаргасан шийдвэр биш

ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга асан Б.Солонгоотой 2.3 тэрбум төгрөгийн өртөгтэй "Нууц эвлэрлийн гэрээ" байгуулсан гэх Английн иргэн Маурис Даффи, Ричард Боули нарын мэдээллийг хайж үзвэл Ричард Боули нь Оюу толгойн гүний уурхайн асуудлаар Рио Тинтод зөвлөж байсан бол Маурис Даффи нь Рио Тинтод стратегийн зөвлөхөөр ажиллаж байсан талаарх баримтыг өнөөдөр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ил болгосон.

Тэгвэл ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга асан Б.Солонгоо дараах тайлбарыг өөрийн цахим хуудаснаа гаргалаа. Тэрээр "Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэн албан бичигт миний нэр дурдагдсантай холбогдуулан сэтгүүлчдээс асуулт ирж байгаа учраас тайлбар хийх нь зүйтэй гэж үзлээ.

Тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллах хугацаанд 2024 онд Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Оюутолгой төслийн талаар шүгэл үлээж байсан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын иргэн Ричард Боули, Маурис Даффи нартай гэрээ байгуулсан бөгөөд гэрээ байгуулах нь миний бие дур мэдэж гаргасан шийдвэр биш юм. 

Засгийн газрын холбогдох шийдвэр, Ричард Боули, Маурис Даффи нартай гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн эсэх асуудлыг холбогдох чиг үүргийн байгууллага хуулийн дагуу шалгаж, дүгнэлт гаргана гэдэгт итгэлтэй байна. 

Дашрамд дурдахад эдгээр хувь хүмүүс нь Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 2 тэрбум ам.доллароор хэтэрч, ашиглалтад орох хугацаа 2 жилээр хойшилсон шалтгаан, нөхцөлийн талаар шүгэл үлээж АНУ, Их Британийн зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл өгч байсан. Энэ талаар олон улсын хэвлэлээр мөн мэдээлж байсан. Оюутолгой төсөлтэй холбогдуулж үүссэн татварын маргаанд Монгол Улсын Засгийн газар хоёр сөрөг нэхэмжлэл гаргасны нэг нь гүний уурхайн зардал хэтэрсэнтэй холбогдуулж Монгол Улсад учирсан хохирлын асуудал байдаг" гэжээ.