Эрүүл мэндийн салбар бол хүний амь нас, эрүүл мэндтэй шууд холбогддог хамгийн эмзэг, хариуцлагатай салбар. Гэтэл сүүлийн үед энэ салбарыг улс төрийн наймаа, ашиг сонирхлын “гадна” үлдээж чадсангүй. Хамгийн сүүлд л гэхэд Э.Батшугар Эрүүл мэндийн сайдаар томилогдсон нь олон нийтийн болон салбарынхны дунд томоохон шүүмжлэл дагуулаад байна. Герман, Америк, Японд Эрүүл мэндийн яам нь дангаараа байх тохиолдолд заавал мэргэжлийн эмч хүн сайдаар томилогддог бичигдээгүй хуультай. Зөвхөн нийгмийн хамгаалалтай нэгдсэн тохиолдолд л менежер хүн очих тохиолдол цөөн хувьд бий.
Л. Гүндалай эрүүл мэндийн салбарын томилгоо болон шинээр томилогдсон сайд Э. Батшугарын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.
Мэргэжлийн бус хүний "төөлүүр": "Энэ салбарт юу ч мэдэхгүй хүн оччихоод баахан хүнээс асууж сураглаад л, нөгөөдүүл нь зөв ч зөвлөдөг юм уу, буруу ч зөвлөдөг юм уу бүү мэд. Өөрөө мэдэхгүй болохоор хүнд итгэж чадахгүй, шийдвэр гаргаж зүрхлэхгүй байсаар зүгээр л цаг алдаж байна" хэмээн тэрээр шүүмжлэв.
Салбарыг "гаргуунд" нь гаргах аюул: "Эрүүл мэндийн яам дангаараа байх тохиолдолд дэлхийн жишигт заавал мэргэжлийн хүн байдаг. Герман, Америк, Японд ч тэр. Гэтэл манайд салбарын бус хүн тавьж байгаа нь эрүүл мэндийн салбарыг анхаарахгүй байна, зүгээр л гаргуунд нь хаяж байна гэсэн үг" гэдгийг онцоллоо.
Зориггүй сайд ба боломжоо алдсан салбар: "Мэргэжлийн хүн бол Ерөнхий сайд дээрээ гүйж очоод 'Ийм хөтөлбөр хэрэгжүүлье, ийм хөрөнгө оруулалт хийе, эмнэлгээ ингэж тоноглоё' гээд шууд ярих байхгүй юу. Салбараа мэддэг, зоригтой хүн байвал монголчуудын эрүүл мэнд хөл дээрээ босох бүрэн боломжтой. Даанч юу ч мэдэхгүй хүмүүсээр туг тахиж, энэ салбараар тоглож дуусахгүй юм даа" хэмээн халаглан ярьжээ.





