
Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд олон том бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, дэвшүүлсэн төлөвлөгөөт зорилтууд биелж байна. Баяжуулах үйлдвэрт Хам баяжуулалтын 2,3 дугаар секцийг өргөтгөн шинэчилж, жилд 12 сая тонн хүдэр баяжуулах хүчин чадалд хүргэх, 1.1 сая тонн цэвэр зэс агуулсан 350 гаруй сая тонн хүдрийн нөөцтэй Оюутын ордын нарийвчилсан хайгуулыг дуусгах, эрчим хүчний удирдлагын тогтолцоонд ISO 50001 стандартыг нэвтрүүлэх, хиймэл оюунд суурилсан худалдан авалтын цахим системийг нэвтрүүлэх, ажилтнуудаа гэнэтийн ослын даатгалд анх удаа хамруулсан зэрэг үйлдвэрлэл, нийгмийн чиглэлийн онцлох ажлуудаа үйлдвэрийн газар хэлтэс, цех нэгжүүдээс ирүүлснийг Ерөнхий захирал Г.Ёндон танилцууллаа. Тэрээр энэ бүх ажлыг хамтын эв нэгдэл, нөр их хөдөлмөрийн үр шимээр амжуулж гүйцэтгэсэн нийт хамт олондоо талархал илэрхийлж, ирж буй 2026 оны том зорилт, их ажилд өндөр амжилт хүслээ.