Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны даваа гарагийн ээлжит шуурхай зөвлөгөөнийг Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын дарга П.Батболор удирдлаа.
Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, ажилтнуудад хувийн хамгаалах хэрэгслийг хуваарийн дагуу олгож ажилласан байна. Өндөр эрсдэлтэй 19, галын аюулгүй байдлын 5 ажил гүйцэтгэж, бүтцийн нэгжүүдэд удирдамжийн дагуу зорилтот хяналт шалгалт хийжээ.
Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн болон Барилга засварын цехэд нийт 100 хэмжилт хийснээс зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн 4 тохиолдол илэрсэн байна. Түүнчлэн, “Эрдэнэт” цогцолбор их сургууль дээр 240, шинээр ажилд орсон 15, ажлын байран дээр 218, гаднын 9 нийт 482 ажилтан сургалтад хамрагдсан талаар ХАБЭАХ-ээс мэдээллээ. Галын дуудлага, гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй байна.
Байгаль орчны чиглэлээр өнгөрсөн долоо хоногт үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дугаар хуралдаан нэгдүгээр сарын 29-ний өдөр болсон талаар танилцуулав. Хуралд үйлдвэрийн газрыг төлөөлж Хуулийн хэлтэс, Эрчим хүчний хэлтэс, Дотоодын цэргийн 816 дугаар ангийн удирдлагууд оролцож, төлөөлөгчдийн асуултад тайлбар, мэдээлэл өгч ажиллажээ. Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамаар үйлдвэрийн газрын 2026 оны төлөвлөгөөг батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд зорилтот хяналт шалгалтыг хуваарийн дагуу хийж гүйцэтгэж байгааг онцоллоо.
Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс өмнөх шуурхайн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулж, оны эхний нэгдүгээр сард үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд төлөвлөгөөний дагуу давж биелснийг мэдээлэв.
Шуурхайн төгсгөлд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон дараах үүрэг, чиглэлийг өглөө. Тэрбээр, Сар шинийн баярын болон засварын ажлын үеэр мэргэжлийн ажилтнуудын ажил, амралтын зохицуулалтыг оновчтой хийх шаардлагатайг онцоллоо.
Мөн технологийн нормчлогдсон материалын нөөцийг бүрдүүлэх, зайлшгүй шаардлагатай материалын худалдан авалтыг хууль, журмын хүрээнд шуурхай шийдвэрлэх, технологийн материалын бүртгэл, хяналтыг сайжруулахад анхаарахыг холбогдох нэгжүүдэд үүрэг болгов.





