“Newsroom.mn” сайт нь олон нийтэд улс төр, нийгэм, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, эрэн сурвалжлах контентын хүрээнд мэдээ мэдээлэл хүргэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай сайтын эрхлэгч, сэтгүүлч Б.Батцэцэг нь 2026 оны 3-р сарын 16-ны өдөр Төрийн ордон мэдээ мэдээлэл бэлтгэн ажиллах үеэрээ УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль”-ийн талаарх байр суурь болон түүнийг хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гэх асуудлаар мэдээлэл тодруулж, зөрчигдсөн гэх эрхийг нь олон нийтэд хүргэхээр ажилласан. Тэрээр өөрөө ярилцлага өгөхийг хүссэн тул яриаг нь авсан болно. Ярилцлага авч дуусаад түүнээс микрофоноо авахыг хүсэхэд микрофоныг шал руу чулуудаж шидсэн. Энэ нь хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдахаас гадна мэдээ мэдээлэл бэлтгэх эд хэрэгслийг эвдэлж гэмтээсэн нь УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Тиймээс УИХ-ын Ёс Зүйн Дэд хорооны дарга Б.Хэрлэнд тухайн асуудлыг зохих хууль, журманд тусгагдсаны дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж, албан ёсоор гомдол гаргалаа.





