Олон улсын “Улаанбаатар марафон” уралдаанд 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн бүртгэл явагдаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 2,544 оролцогч бүртгүүлжээ.
Бүртгүүлсэн оролцогчид зургаан төрлийн зай болон ангилалд хуваагдаж байгаа бөгөөд тэдгээрийн 50 хувиас илүү нь 5 км-ийн зайд оролцохоор бүртгүүлсэн байна. 5 км-ийн уралдаанд 12–17 нас болон 18-аас дээш насны ангиллаар 1,300 хүн бүртгүүлжээ. Үүнээс гадна, 10 км болон 21 км-ийн уралдаанд тус бүр 400 хүн, харин бүтэн 42 км марафонд 101 тамирчин бүртгүүлсэн байна. Мөн хүүхдүүдэд зориулсан “гэр бүлийн уралдаанд” 190 гаруй хүн оролцохоор болсон байна.
“Улаанбаатар марафон” олон улсын тэмцээнд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа бөгөөд 2023 онд 13,000 хүн бүртгүүлж байсан бол 2024 онд энэ тоо 30,000-д хүрч хоёр дахин нэмэгджээ.
Марафонд оролцохыг хүссэн хүмүүс https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хуудас болон “Hipay” гар утасны аппликейшн-ээр дамжуулан бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлсэн оролцогчид 2025 оны 5 дугаар сарын 10-наас 20-ны хооронд уралдааны дугаар (bib) авах юм.