• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Улаанбаатар хотын иргэдийн баяр  “Даншиг наадам-Хүрээ цам 2025” энэ сарын 27-29-нд болно

Улаанбаатар хотын иргэдийн баяр  “Даншиг наадам-Хүрээ цам 2025” энэ сарын 27-29-нд болно

Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой даншиг наадам нь 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй, Монголын шашин соёлын том үйл ажиллагаа болж түүхийн хуудаснаа үлдсэн байдаг. 

Тэгвэл энэ жил анх удаа нийслэл хотын иргэдийн баяр болгож  “Даншиг наадам-Хүрээ цам 2025” шашин соёлын наадмыг энэ сарын 27-29-нд Хүй долоон худагт зохион байгуулхаар болжэээ.

Наадмыг Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх хайрхныг тахих ёслолоор эхлүүлэх аж. Энэ үеэр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийг зохион байгуулах юм.  

Наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохион байгуулдаг бөгөөд Даншигийн цуваа, Сүнчэ айлдвар, Очирвааны тахилга, Чингис хааны сан, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон үйл ажиллагаа болно. Мөн хүчит бөхийн барилдаан, хурдан морь, жороо морины уралдаан, сээр цохих тэмцээн, шагай, сур харвааны наадам болохоос гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрынхан “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна гэв.