• Нүүр
  • Мэдээний өрөө
  • “Оюу толгой” компани хуульд заасан төлбөр, шаардлагыг биелүүлэхийн зэрэгцээ санал нийлэхгүй байгаа асуудлаа тайлбарлах эрхтэй гэв

“Оюу толгой” компани хуульд заасан төлбөр, шаардлагыг биелүүлэхийн зэрэгцээ санал нийлэхгүй байгаа асуудлаа тайлбарлах эрхтэй гэв

“Оюу толгой” компанид саяхан тавигдсан татварын акт, түүнтэй холбоотой янз бүрийн мэдээлэл нь олон нийтийн дунд “компани төлөх ёстой зүйлээ төлөлгүй явж байгаад шахалтад орж байж төлөв үү” гэх ойлголт үүсгээд буй. Өнгөрөгч гуравдугаар сарын 18-нд “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх, Санхүү эрхэлсэн захирал Б.Дуламсүрэн, компанийн Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Цэрэнхүү нар сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр сонирхсон асуултуудад тодруулга, тайлбар өгсөн юм. 

Татварын актын талаар тодруулахад Оюу толгой зөвшөөрөөгүй хэр нь яагаад төлсөн юм бэ?

“Оюу толгой” компанийн Санхүү эрхэлсэн захирал Б.Дуламсүрэн:

Оюу толгой үйлдвэр Монгол Улсад томоохон татвар төлөгч байсаар ирсэн билээ. Үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш буюу 2010 оноос хойш үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд нийт 55.8 их наяд төгрөг зарцуулж улсын төсөв, нийгэм, эдийн засагт  томоохон хувь нэмэр оруулж байна.

2021-2022 оны шалгалтын хүрээнд Оюу толгойд 220 сая ам.долларын татварын зөрчил тогтоосон акт тавигдаж, түүн дээр торгууль, алданги нэмэгдэн нийт 440 сая ам.долларын дүнтэй болсон. Хуулийн дагуу ийм акт тавигдсан тохиолдолд компани маргасан ч бай, маргаагүй ч бай урьдчилан төлөх үүрэгтэй. Тиймээс “Оюу толгой”  компани уг төлбөрийг төрийн холбогдох дансанд шилжүүлсэн.

“Оюу толгой”  компани тодорхой үндэслэлүүдтэй санал нийлэхгүй байгаа бөгөөд үүнийг цаашид хуульд заасан маргаан таслах механизмаар шийдвэрлүүлэх байр суурьтай байна. Өөрөөр хэлбэл, энэ бол эцэслэн зөвшөөрсөн төлбөр биш, урьдчилсан төлбөр юм. Эцсийн шийдвэр гарсны дараа аль талд тооцоо нь гарах вэ гэдэг тодорхой болно.

Энэ утгаараа Оюу толгойн татварын маргаан нь нэг тал хууль зөрчсөн, нөгөө тал шахалт үзүүлсэн гэхээс илүүтэй, ойлголтын зөрүүг эрх зүйн хүрээнд эцэслэн нэг мөр болгох асуудал юм. Монгол Улсад томоохон хөрөнгө оруулалтын төслүүд тогтвортой ажиллахын тулд маргаангүй байх биш, маргаан гарсан үед дүрмийн дагуу шийдвэрлэгддэг байх нь чухал. Оюу толгойн хувьд ч энэ зарчим үйлчилж байна.

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх:

“Татварын ийм маргааныг “хэн нэг нь зөв, хэн нэг нь буруу” эсвэл “тэр нь яллаа, энэ нь ялагдлаа” гэсэн хүрээнд тайлбарлах гээд байдаг. Гэтэл томоохон хөрөнгө оруулалтын төслүүд дээр  маргаан гарах нь түгээмэл үзэгдэл. Гол шалтгаан нь хөрөнгө оруулалтын гэрээ, татварын хууль, тогтворжуулалтын нөхцөл зэрэг эрх зүйн баримт бичгүүд хоорондоо зөрчилдөх, мөн талууд өөр өөрөөр ойлгож тайлбарладаг шалтгаантай байдаг.

Тиймээс бид хуульд заасан төлбөр, шаардлагыг биелүүлэхийн зэрэгцээ санал нийлэхгүй байгаа асуудлаа зохих шатанд тавьж, үндэслэлээ тайлбарлах эрхтэй.  Татварын актын асуудлыг “төлсөн үү, үгүй юу” гэсэн өнгөц өнцгөөс бус, “хууль ёсны маргаан хэрхэн явагдаж байна вэ” гэсэн бодит хүрээнд ойлгох нь илүү чухал юм.

Оюу толгой бол Монгол Улсад урт хугацааны үнэ цэн бий болгож буй үйлдвэр. Иймээс хууль ёсны, ил тод, институцийн хэв журмын дагуу үйл ажиллагаагаа явуулах нь чухал. Энэ бол хэн нэгэнд давуу тал олгож эсвэл шаардаж буй хэрэг биш. Харин Монгол Улсад мөрдөж буй хууль дүрэм хөрөнгө оруулалт татахаар байгуулсан гэрээ, түүнийг хэрэгжүүлэх институциудийн тогтолцоо хэрхэн уялдаа холбоотой ажиллаж байгаа эсэхийн шалгуур юм. Тогтвортой орчин гэдэг нь маргаан огт гардаггүй орчныг хэлдэггүй. Харин маргаан гарсан үед дүрмийн дагуу шийдэгддэг орчныг хэлнэ” гэв.