• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Сүхбаатар дүүрэгт цэцэрлэг барих нэрээр 16 давхар орон сууц босгосон хэргийг шалгаж байна

Сүхбаатар дүүрэгт цэцэрлэг барих нэрээр 16 давхар орон сууц босгосон хэргийг шалгаж байна

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй болсон улсын цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинээр цэцэрлэг барих төсөл хэрэгжүүлэх нэрээр 16 давхар орон сууц барьсан хууль бус үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэллээ.

Уг төсөл анх 2020 онд нэр бүхий аж ахуйн нэгж дахин төлөвлөлтийн хүрээнд шинэ цэцэрлэг барихаар шалгарч, холбогдох зөвшөөрлүүдийг авсан байдаг. Гэвч 2025 онд барилга ашиглалтад орж, улсын комисст хүлээлгэн өгөх явцад дараах зөрчлүүд илэрчээ:

  • Төлөвлөгдсөн ёсоор 125 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилга баригдаагүй.

  • Уг газарт 16 давхар орон сууц болон үйлчилгээний зориулалттай барилга босгосон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн аж ахуйн нэгж нь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад нөлөөлөх замаар барилгын зураг төслийг хууль бусаар өөрчлүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.

Зураг төслийн өөрчлөлт: Батлагдсан барилгын зурагт дахин магадлал хийлгэхдээ барилгын норм, дүрэм зөрчиж, цэцэрлэгийн барилгыг хасч төслийг хэрэгжүүлсэн.

Мөнгө угаасан байж болзошгүй: Хууль бусаар олсон орлогыг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө болгон эдийн засгийн эргэлтэд оруулсан байж болзошгүй байна.

Хуурамч амлалт: Аж ахуйн нэгж нь цэцэрлэгийг орон сууцны 1, 2 дугаар давхарт барина гэж төрийн байгууллагуудтай гэрээгээр тохирч шийдвэр гаргуулсан ч, барилгын зураг төсөлдөө энэ талаар огт тусгаагүй нь нэгжлэгийн явцад хураан авсан баримтуудаар тогтоогджээ.

Одоогоор цагдаагийн байгууллагаас уг хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн:

  • 17.4 дүгээр зүйл (Хөрөнгө завших),

  • 18.6 дугаар зүйл (Мөнгө угаах) заалтуудын дагуу мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.