МУГТ Н.Нандинхүсэл АНУ-ын Florida Tech багт элсэн, бэлтгэлээ эхлүүллээ

Монгол Улсын гавьяат тамирчин, үндэсний 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Нямжавын Нандинхүсэл АНУ-ын Florida Institute of Technology-ийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн багт албан ёсоор элсэж, шинэ улирлын бэлтгэлээ эхлүүллээ.

Florida Tech багийн ахлах дасгалжуулагч Эшли Рэйли-Росс түүний талаар:

“Нандинхүсэл бол талбайд манлайлагч байж чаддаг. Ухаан, сэтгэл зүрх хоёрыг хосуулан тоглодог тамирчин. Тэр манай багийн соёл, үнэ цэнийг бүрэн илэрхийлнэ. Түүнийг элсүүлснээр багийн маань хөгжил, дэвшилд чухал өөрчлөлт гарна” хэмээн онцолжээ.

Н.Нандинхүсэл энэ удаагийн сонголтоороо зөвхөн АНУ-ын их сургуулийн өндөр түвшний тэмцээнд өрсөлдөхөөс гадна, олон улсын тавцанд хуримтлуулсан туршлагаа улам бүр бататгах боломжтой болж байна. Энэ нь Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн хөгжилд шинэ жишиг тогтоох алхам гэж спортын шинжээчид үзэж байна.

Шинэ улирлын бэлтгэл эхэлсэн бөгөөд Н.Нандинхүслэлийн оролцоо Florida Tech багийн довтолгооны зохион байгуулалт, тоглолтын хэмнэлийг шинэ түвшинд гарна гэсэн хүлээлттэй байгаа аж.