• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Г.Даваасүрэн: Хоёр зуун сургууль, цэцэрлэгийг камержуулахаар зорьж байна

Г.Даваасүрэн: Хоёр зуун сургууль, цэцэрлэгийг камержуулахаар зорьж байна

2023 онд Дорноговь аймагт 12 настай охин алга болсон харамсалтай хэрэг гарч, нийгмийг бүхэлд нь цочроосон билээ. Энэхүү хэрэгт эмзэглэж, хүүхдийн аюулгүй байдлын төлөө өөрийн нөөц бололцоогоор 200 цэгт хяналтын камер суурилуулах зорилго тавин ажиллаж буй Г.Даваасүрэнтэй ярилцлаа.

- Сайн байна уу? Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

Сайн байна уу. Намайг Г.Даваасүрэн гэдэг. Би "Камер Ланд" ХХК-ийн үүсгэн байгууллагч. Хяналтын камер, дохиоллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ салбарт олон жил ажиллаж байна.

- Энэхүү сайн дурын ажлыг эхлүүлэх болсон гол шалтгаан юу байв?

2023 онд Дорноговь аймагт 12 настай охин алга болоход цагдаагийн байгууллага хяналтын камер шүүх гэсэн боловч төсвийн хөрөнгөөр тавигдсан камерууд нь ажиллахгүй байсан. Тухайн үед аж ахуйн нэгжүүдийн камерын тусламжтайгаар эрлийн чиг баримжааг гаргаж байсан шүү дээ. Би өөрөө камер суурилуулдаг мэргэжлийн хүн, бас хоёр охинтой аав учраас энэ явдалд маш их эмзэглэсэн. Хүүхдүүдийнхээ амьдрах ирээдүйн нийгмийг аюулгүй болгоход бага ч болов хувь нэмэр оруулж, бодитой зүйл үлдээе гэж шийдээд энэ ажлаа эхлүүлсэн.

- Төсөв санхүүгээ хэрхэн шийдэж байна вэ? Нэг камер суурилуулахад ямар өртөг гардаг вэ?

Одоогоор хоёр сургууль, дөрвөн цэцэрлэгт камер суурилуулаад байна. Төсөв санхүүг хувиасаа гаргадаг учраас тодорхой хүндрэлүүд бий. Нэг цэгийг бүрэн камержуулахад дунджаар 500-800 мянган төгрөгийн өртөг гардаг. Миний зорилго бол гэр хорооллын харанхуй гудамж, сургууль, цэцэрлэгийн орчимд нийт 200 газар камер суурилуулах. Энэхүү санаачилгыг маань хүмүүс дэмжиж, манай компаниар ажил хийлгэх замаар дам дэмжлэг үзүүлж байгаад баярладаг.

- Техникийн үзүүлэлтийн хувьд ямар камерууд суурилуулж байгаа вэ?

Монгол Улсын цагдаагийн байгууллагын шаардлагад камерыг 4 мегапикселээс дээш байх ёстой гэж заасан байдаг. Бидний суурилуулж буй камерууд 5 мегапикселээс эхэлдэг бөгөөд шөнийн цагт ч өдөр мэт тод хардаг давуу талтай. Камер заавал хэт өндөр өртөгтэй байх албагүй, гол нь чанартай бөгөөд хүртээмжтэй байх нь чухал. Гадны орнуудад камержуулалт маш сайн байдаг бол манайд асар цөөхөн байна. Хяналт их байх тусам аюулгүй орчин бүрдэнэ.

- Хүүхдийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхлийн эсрэг ямар арга хэмжээ аваасай гэж хүсдэг вэ?

Нийгмээрээ нэг асуудлыг барьж аваад үр дүнд хүртэл нь тууштай яваасай гэж хүсдэг. Жишээ нь, үе тэнгийн дээрэлхлийг зөвхөн цахим орчинд "сэвээд" өнгөрөх биш, бодитой таслан зогсоох хэрэгтэй. Хэрэв сургуулийн орчин бүрэн камержсан, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ нээлттэй ярилцдаг байвал энэ асуудал бүрэн шийдэгдэх боломжтой. Гэтэл өнөөдөр төр засаг иргэнээ хамгаалахаас илүү зам, машин торгох камерт л анхаараад байна. Гэр хорооллын харанхуй гудамжийг гэрэлтүүлж, камержуулахад анхаараасай.

- Аав хүний хувьд хүүхдүүдийнхээ ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ?

Дээрэлхэлгүй, томчууд нь хариуцлагатай, хүүхдэд ээлтэй нийгмийг л хүсэж байна. Тэрхүү аюулгүй орчныг бүрдүүлэхэд хүн бүр өөрийн чадах зүйлээрээ оролцдог байгаасай. Би ирээдүйг өөдрөгөөр харж байгаа.

- Цаашдын зорилгоосоо хуваалцвал?

Улаанбаатар хотоо дэлхийн жишигт нийцсэн, өндөр хяналттай, хамгийн гол нь аюулгүй хот болгохын төлөө ажиллана. Хүүхдүүд минь айх аюулгүй сайхан нийгэмд амьдрах тэр өдрийг ойртуулах нь миний туйлын зорилго юм.