Билгийн тооллын XVII жарны Сүрээр дагагч хэмээх Гал морин жилийн Сар шинийн цуврал барилдаан өчигдөр эхэлж, ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат зургаа даван (2 гоц мөргөсөн) түрүүллээ. Өдгөө 54 настай А.Сүхбат Монгол бөхийн өргөөнд 56 дахь түрүүгээ авсан нь энэ юм. Өнгөрсөн хугацаанд Бөхийн өргөөнд түүн шиг олон түрүүлсэн бөх гараагүй. 20 жилийн тэртээ Их Монгол Улс байгуулсаны 800 жилийн ойн баяр наадмын долоогийн даваанд өвдөг шороодож, улмаар 35 настайдаа зодог тайлсан түүний Бөхийн өргөө дэх хамгийн сүүлийн барилдаан нь 2006 оны зургаадугаар сарын 28.

Энэ өдөр Өмч хувьчилсаны 15 жилийн ой, Төрийн өмчийн хорооны 10 жилийн ойн барилдаанд түрүүлжээ. Наадмын сорилго болох тус барилдаанд “Зургаан залуу заан”-ы нэг, улсын арслан Б.Ганбат үзүүрлэсэн байна. Шинэ зууны наадмын анхны түрүү бөх, шинэ зууны анхны аварга А.Сүхбат нь 2014 оны наадмаас бусад жилүүдэд таваас дээш давсан. Тэр жилийн наадмын гурвын даваанд “ихэр дархан аварга”-уудын өвдөг шороодоогүй байж тахим өгсөн, авсан асуудлыг бөх үздэг бүх хүн мэднэ. Ард түмэнд лав таатай санагдаагүй. Энэ асуудалд МҮБХ-ны өмнөх, одоогийн удирдлагуудын оролцоо жинтэй нөлөөлнө, нөлөөлсөөр ч байгаа. Дархан аваргуудыг эрэмбэлэсэн асуудлаа тайлбарлаж чадаагүй 12 дахь жилтэйгээ золгож байгаа юм.
А.Сүхбаттай барилдаан хэзээнээс гоё. Тэр өчигдөр бөхийн дэвжээнээ дахин гараад ирлээ. Удахгүй болох Битүүний барилдаанд зодоглохоо ч дуулгасан байна. Болохгүй нь юу байх вэ. Үзэгч олныг хааяа нэг алмайруулдаг ч уран барилдаанаараа бөхийн өргөөг дүүрэн үзэгчтэй байлгаж, бөхөд олон хүнийг татан оруулсан түүний гавьяа их. Д.Дагвадоржийг сүмогоос, А.Сүхбатыг үндэсний бөхөөс зодог тайлсанаас хойш бөх үзэх хүний тоо багассан гэдэг ортой зүйл. Бөхийн өргөөнд жилд гарын таван хуруунд хүрэхгүй барилдаан чухам дүүрэн үзэгчтэй байна. Эндээс дүгнэвэл, монгол бөхөд А.Сүхбат шиг бөхийн орон зай үгүйлэгдэж байна.

А.Сүхбат Улсын наадмаар барилдсан ч болно, таныг зодог шуудагтайгаа гарч ирэхэд баярлах хүн олон байна. Өчигдрийн барилдаанаас харлаа, үзлээ. Угаас монгол бөхөд аман мэдүүлгээр зодог тайлахаас биш албан ёсоор зодог тайлуулсан ганц жишээ алга. А.Сүхбатын зодог тайлсан шийдвэр нь цаасан дээр байдаггүй гэх. Тиймээс зүлэг ногоон дэвжээнээ зодог тайлаад буй дархан аварга Х.Баянмөнх (2022 оны 7 сарын 12), дархан аварга Б.Бат-Эрдэнэ (2023 оны 7 сарын 28) нар хүсвэл барилдаж болно. Монголын үндэсний бөхийн холбооны дүрэмд тусгагдаагүй тул хэн хүссэн цагтаа зодог тайлж, бас хүссэн цагтаа барилдаж болно оо.





