Ерөнхий боловсролын сургуулийн өмнөх боловсролд 1147 багш, ажилтны сул орон тоо үүсээд байгаагийн 339 нь бүлгийн багш байна. Үүний 685 нь нийслэлд байгаа ба 202 нь бүлгийн багшийн сул орон тоо байна. Мөн нийт 3324 багшийн сул орон тоо үүсээд байгаа бөгөөд үүний 1590 нь нийслэлд байна.
Багшийн сул орон тоог нөхөх хүрээнд:
•Багш хөтөлбөрөөр суралцаж буй 3, 4 дүгээр курсын оюутнуудыг мэргэжлийнх нь чиглэлээр цалинтай дадлага хийлгэх, тухайн их, дээд сургуулиудтай хамтран ажиллах;
•Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон багш нарыг хүсэлтийнх дагуу сул болон дутагдалтай багшийн орон тоонд ажиллуулах;
•Өөр салбарт ажиллаж байгаа болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа багш мэргэжилтэй иргэнийг гэрээгээр болон цагийн багшаар ажиллуулах боломжийг олгох;
•Орон нутагт ажиллах багшлах боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжоор хангахад орон нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагууд хамтран ажиллах
•Дээд боловсролтой иргэдийг эзэмшсэн мэргэжлийнх нь чиглэлээр багшлах эрхийн богино хугацааны болон хөрвөх сургалтуудад үе шаттай хамруулах;
•Багш мэргэжлээр шинээр төгсөж буй иргэдэд сул ажлын байрны мэдээллийг нээлттэй хүргэх; •Удирдах ажилтнууд өөрийн мэргэжлийн чиглэлийн хүрээнд цагаар хичээл заах... гэх мэтээр тухайн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, орон нутгийн боловсролын байгууллагууд өөр, өөрсдийн нөхцөлд тохируулан ажиллаж байгаа талаар Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
Түүнчлэн 2024-2025 оны хичээлийн жилд багш хөтөлбөрөөр бакалаврын зэрэгтэй 2877 оюутан төгсөж, багшлах эрхийн сургалтад 163 иргэн хамрагдаж багш мэргэжил эзэмшин хөдөлмөрийн зах зээл дээр гарч байна.