Иргэдийн төлөөлөл Ерөнхий сайд Н.Учралд хандан, Хотын дарга Х.Нямбаатарыг дараах 7 үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг шаардаж байна:
1. Ардчилсан зарчмыг алдагдуулж, иргэдийн эсрэг турхирсан:
Үзэл бодлоо илэрхийлж буй иргэдийн эсрэг төрийн албан хаагчид болон намын гишүүдийг ашиглан зохион байгуулалттай жагсаал хийж, нийгмийг талцуулж, Үндсэн хуулиар олгогдсон жагсаал цуглаан хийх эрхэд халдсан.
2. Ёс зүйн зөрчил ба хүний эрхийн халдлага:
Иргэд, сэтгүүлчидтэй харилцахдаа доромжлох, гүтгэх хандлага гаргадаг. Эсэргүүцэл илэрхийлсэн иргэдийг "террорист" гэж цоллон, хувийн мэдээлэл, гэрийн хаягийг нь задруулна гэж заналхийлсэн нь нийтийн албан тушаалтны ёс зүйд нийцэхгүй байна.
3. Төсвийн үр ашиггүй, хаалттай зарцуулалт:
Хотын төсөв 1.2 их наядаас 5.8 их наяд төгрөг болж огцом өссөн ч зарцуулалт нь ил тод бус, хяналтгүй байна. Мега төслүүдийн хэрэгжилт болон нийгэмд үзүүлэх бодит үр нөлөө нь хангалтгүй, төсвийн хариуцлага алдагдсан.
4. Экосистемийн сүйтгэл:
Сэлбэ, Дунд голын ай савд далан барих нэрээр байгалийн урсцыг тасалдуулж, нөхөн сэргээлт хийлгүй орхисноор хотын экосистемд ноцтой хохирол учруулсан.
5. Туулын хурдны замын төсөл:
Байгаль орчны үнэлгээ болон олон нийтийн хэлэлцүүлэггүйгээр, иргэдийн эсэргүүцлийг үл тоон Туул голын бургасыг сүйтгэж, эдийн засгийн үр ашиггүй төслийг хүч түрэмгийлэн хэрэгжүүлж байна.
6. Иргэдийн оролцоог үл тоомсорлосон байдал:
Хотын стратегийн чухал шийдвэрүүдийг гаргахдаа иргэдээс санал авдаггүй, мэдээллийг нуун дарагдуулдаг. Шүүмжлэл гаргасан иргэдийг улс төржүүлж, ялгаварлан гадуурхдаг.
7. Хяналт-тэнцвэрийн зарчмыг алдагдуулсан:
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг өөрийн удирдлагын бүтцэд томилох замаар өөрт нь хяналт тавих ёстой байгууллагыг хараат байдалд оруулж, хяналтгүй засаглалыг бүрдүүлсэн.
Санал өгөх: https://www.uih.mn/petition/view/327





