Ц.Дагвадоржийг бүх насаар нь хорихоор шийдвэрлэлээ

Ц.Дагвадоржийг бүх насаар нь хорихоор шийдвэрлэлээ

 

Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охин болон 32 настай эмэгтэйг хөнөөсөн гэх хэрэгт холбогдсон этгээдүүдийн гэм буруугийн шүүх хурал БГД, СХД, ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хоёр дахь өдрөө хаалттай үргэлжилсний эцэст шүүгчид шийдвэрээ гаргалаа. 

Анхан шатны шүүх Х.Энхсайхан, Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарт холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй хэмээн хэрэгсэхгүй болгож, Ц.Дагвадоржийг гэм буруутай хэмээн үзэж бүх насаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлж, 468 сая төгрөг гаргуулан амь хохирогч Ш, З нарын ар гэрт олгуулахаар шийдвэрлэлээ.

Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэр тул хэрвээ хохирогч тал тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол 14 хоногийн дотор гомдол гаргаж Давж заалдах боломжтой. 

Эргэн сануулвал тус хэрэг нь 2024 оны 6-р сарын 21-ний өглөөний 5 цагийн орчимд иргэн Э.Ган-Эрдэнээс гэмт хэргийн талаарх мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу холбогдох албаныхан хэргийн газарт үзлэг хийх явцад 16 настай, эмэгтэй Ч.Шинэсарангийн амь нас хохироосон болон бусад нөхцөл байдал илэрч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Улмаар тус хэргийг үйлдсэн байж болзошгүй ЧД-ийн 19-р хороонд оршин суух хаягтай, 20 настай Ц.Дагвадоржийг саатуулан шалгасан.

Шалгалтын явцад Ц.Дагвадорж нь 2014 оны 6-р сарын 8-9-нд шилжих шөнө 32 настай З-ийн амь насыг хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Иймд цагдаагийн байгууллагаас Ц.Дагвадоржийг хоёр хүний амь нас хохироосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгасан. Мөн тус хүн амины хэргүүдээс гадна насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон хэргээр шалгасан. Өөрөөр хэлбэл 16 болон 32 настай амь хохирогчдоос гадна Т.М гэх тухайн үед 16 настай байсан хохирогч бий. Тухайн 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаарХ.Энхсайхныг оролцсон хэмээн буруутгасан. 


Мөн Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг “эс үйлдэхүй”-ээр бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар оролцсон байж болзошгүй гэж үзэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан юм.