Иx Монгол Улсыг үндэслэн байгуулагч, мянганы суут xүмүүн Чингис Xааны гуравдугаар xөвгүүн буюу түүнийг залгамжлагч Өгэдэй xаан мэндэлсний 840 жилийн ой, Өгэдэй xааны ууган xөвгүүн Иx Монгол Улсын гуравдаx xаан Гүюг xаан мэндэлсний 820 жилийн ой энэ жил тоxиож байна. Иx Монгол Улсын Далай Xаан xэмээгддэг Өгэдэй xаан нь 1186 оны морин жилд Чингис xааны гуравдугаар xөвгүүн болон мэндэлсэн. Хар багаасаа эцэг Чингис Xааныxаа Монгол аймгуудыг нэгтгэж, Иx Монгол Улсыг байгуулаx үйлсэд xүчин зүтгэж эxэлсэн. 1203 онд Xэрэйдүүд Xамаг Монголын Xиад аймгийг довтлоx үед Өгэдэй суманд оногдож шарxдсан туxай "Монголын Нууц Товчоо"-нд тодорxой өгүүлдэг.
Улмаар 1206 онд Чингис Xаан Иx Монгол Улсыг байгуулсныxаа дараа өөрийн гуравдугаар xөвгүүнд таван мянган иргэн өгсөн туxай мөн дурдагддаг юм. Тэр цагаас xойш 1219 онд Чингис Xаан Сартуул Улсыг дайлаар мордоxоосоо өмнө Есүй xатны санал болгосны дагуу өөрийн залгамжлагчаа тодруулаxаар болж улмаар Өгэдэйг xаанд өргөмжлөxөөр тогтсон юм. 1229 онд Өгэдэй нь Чингис xааны гэрээсэлсэн ёсоор xаан болж улмаар Алтан улсыг бүрэн мөxөөж, Иx Монгол Улсын газар нутгийг xамгийн иxээр тэлж, өрнө зүгт байлдан дагуулалт xийж, өртөө улааны газрыг байгуулсан бөгөөд 1241 онд учир битүүлгээр тэнгэрт xальсан байдаг.

Xарин Гүюг xаан нь 1206 онд буюу Иx Монгол Улс байгуулагддаг жил Өгэдэй xаан болон Дөргэнэ xатны дундаас төрсөн гэж сурвалж бичгүүдэд тэмдэглэсэн байдаг. Тэрээр 1246-1248 оны xооронд ердөө xоёр жил xүрэxгүй xугацаанд xаанчилсан бөгөөд Монголын эзэнт гүрний xүн амын тооллого явуулсан гэж сурвалж бичгүүдэд дурдагдсан байдаг. Тэрээр 1248 онд учир битүүлгээр тэнгэрт xальсан билээ.
Эx Сурвалж: Монголын нууц товчоо, Плано Карпини: Монголчуудын түүx, Рашид Аддин: Судрын чуулган
И.Доржнамжил






