МУАЖ Г.Түмэндэмбэрэл агсны гэрэлт хөшөө сүндэрлэв

Гомбын Түмэндэмбэрэл ( 1939 онд Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг Сангараг хэмээх газар төрсөн-1997 онд нас барсан) -БНМАУ-ын Ардын Жүжигчин (1980), Гавьяат Жүжигчин (1964) дуучин. Ардын болон зохиолын 400-аад дууг эзэмшсэнээс 200 орчим ардын дууг тайзнаа дуулсан дуучин.

Увс аймгийн Түүхт 100 жилийн ойгоор Ардын жүжигчин Гомбын ТҮМЭНДЭМБЭРЭЛ агсаны хөшөө Улаангом хотын ОЙРАД ТЕАТРЫН өмнө сүндэрлэлээ

Г.Түмэндэмбэрэлийн ер бусын авъяас, бие дааж дуулах эрдэм, ухаанд цуцалтгүй суралцдаг нөр их хөдөлмөрч ухаалаг чанар нь дуулаачийн нарийн ур чадварыг гайхамшигтай эзэмшихэд хүргэжээ. Түүний дуулж амьдруулсан “Хөх торгон дээл”, “Хувирашгүй сэтгэл", “Бүсгүй хүний заяа”, "Туулын урсгал шөнөдөө сайхан", "Цэнгэлийн хур”, "Эх орон минь тандаа баярлалаа", “Урсгал тунгалаг Тамир”, “Түвшин жаргалтай бүсгүйчүүд” зэрэг олон сайхан дуунууд ард түмний сэтгэл зүрхэнд түүний өнгө эгшиг, намба аясаар шингэн тогтсон билээ. Г.Түмэндэмбэрэл агсан ардын болон зохиолын 400-аад дууг эзэмшсэнээс 200 орчим дууг тайзнаа амилуулжээ. Тэрээр ардын дууны шилэлт, сонголтыг зөв хийж дуулах ур дүйн хэлбэрийг бий болгож, намба төрх, уран нугалаа, өнгөний айзам хэмнэлийг баяжуулан хөгжүүлсэн урлагийн их мастер байв.