Кендрик Ламар "CHANEL"-ийн элч төлөөлөгч болжээ

2025 он Кендрик Ламарын хувьд амжилтаар дүүрэн, түүний нэр домог мэт цуурайтсан жил болсоор байна. Стадионуудыг дүүргэж, Super Bowl-ийн тайзыг эзэгнэснээс хойш түүний дараагийн том алхам загварын ертөнцөд хөл тавих явдал байлаа. Дэлхийн алдарт "Chanel" брэнд Кендрик Ламарыг 2025 оны хаврын нүдний шилний цуглуулгын шинэ нүүр царайгаар сонгосноо албан ёсоор зарлав.

Алдарт гэрэл зурагчин Карим Садлигийн дуранд амилсан энэхүү сурталчилгааны ажилд Ламар Lupita Nyong’o, Маргарет Куэлли, Нана Комацу зэрэг дэлхийн хэмжээний одуудын хамтаар оролцож, шинэлэг төрхөө харуулсан байна. Тэрээр тал бүртээ мөнгөн болор шигтгээтэй, хар хүрээтэй, онцгой загварын нарны шил зүүсэн дүр төрхөөр үзэгчдийг бишрүүллээ.

Кендрик Ламарын энэхүү хамтын ажиллагаа нь түүний урлагийн хил хязгаарыг даван, өндөр зэрэглэлийн загварын ертөнцөд ч хүчтэй байр сууриа бататгаж буйг харуулж байна. "Chanel"-ийн шинэлэг, эрхэмсэг имидж болон Ламарын урлагийн нөлөө хосолж, 2025 оны загварын чиг хандлагад хүчтэй доргилт өгөх нь гарцаагүй аж.